БАЯНЗҮРХ ЭМНЭЛЭГ

Алсын зорилго: Үйлчилгээний чанар, хүний нөөцийн хөгжлөөрөө салбарын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэгч эмнэлэг болно.
Эрхэм зорилго: Сэтгэл шингэсэн үйлчилгээ
Менежментийн гэрээ байгуулж, эмнэлгийг удирдуулах тендерийг 1997 оны 5 дугаар сард зарлаж, Монгол улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1997 оны А/217 тоот тушаалаар тендерт Б.Даш-Яндаг ахлагчтай багийг шалгаруулж, улмаар 1997 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ё.Тэрбиш, Баянзүрх дүүргийн Засаг дарга Р.Амарсайхан, эмнэлгийн удирдлагын багийн ахлагч Б.Даш-Яндаг нар менежментийн гэрээнд гарын үсэг зурж, эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлснээр “Баянзүрх эмнэлэг” байгуулах үндэс суурь нь тавигдсан юм.
Монгол улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 1997 оны А/251, А/158 дугаар тушаал, захирамжаар Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, хүүхдийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн зөвлөх төвийг нэгтгэн шинэ бүтцээр ажиллуулахаар шийдвэрлэж “Баянзүрх эмнэлэг” гэж нэрлэсэн байна.
1997-2006 онд эдийн засаг, санхүүгийн хувьд бэхэжсэнээр цаашид өөрийн хөрөнгө оруулалтаар эмнэлгийн үйл ажиллагааг өргөтгөх, өндөр хүчин чадалтай орчин үеийн эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмжийг худалдан авч нэвтрүүлэх боломжийг бүрдүүлсэн байна.
2005 оны 11 дүгээр сард менежментийн гэрээг дүгнэж, “хангалттай” биелүүлсэн үнэлгээгээр Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2006 оны 98 дугаар тогтоолыг үндэслэн хувьчлагдаж, Б.Даш-Яндаг ахлагчтай багт Баянзүрх эмнэлгийг өмчлөх эрхийг шилжүүлж, “Баянзүрх эмнэлэг” ХХК гэсэн нэр оноож, нийслэлийн Баянзүрх дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт компанийг байгуулж, 724,0 сая төгрөгийн өөрийн хөрөнгөтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ.
Эмнэлгийн бүтэц зохион байгуулалтын хувьд 2007 оноос дотрын 1,2 дугаар тасгийг нэгтгэж “Дотрын”, хүүхдийн 1,2 дугаар тасгийг нэгтгэж “Хүүхдийн” тасаг болгон өөрчилж, параклиникийн тасаг, хүлээн авах яаралтай тусламжийн тасаг гэсэн клиникийн 3 тасагтайгаар,  2012 оноос барилгын өргөтгөл хийсэнтэй холбогдуулан параклиникийн тасгийг өргөтгөж, сэргээн засах эмчилгээний кабинетууд, лаборатори, оношзүйн кабинетуудыг нэгтгэн Сэргээн засах эмчилгээ онош зүйн тасаг, уламжлалт эмчилгээ, өдрийн эмчилгээг нэгтгэн нэгдсэн тасгийг шинээр байгуулснаар эмчилгээний 4 тасагтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.
2004 оны эхээр “Тошиба” брэндийн “image max-2” маркийн 1 зүслэг бүхий компъютер томографийн анхны аппаратыг, 2010 онд “Шимацо ST4000”  компъютер томографийн хоёрдахь аппаратыг өөрийн хөрөнгөөр авч БНХАУ-ын инженер, техникчдийн дэмжлэгтэйгээр тус тус  суурилуулан ашиглаж эхэлжээ
2009 оны 7 дугаар сараас Солонгос улсад 2008 онд үйлдвэрлэгдсэн “ezdrf- 1000s” маркийн рентген аппаратыг нийслэлийн Эрүүл мэндийн газрын хөрөнгө оруулалтаар авч ашиглаж эхлэв.
2011 онд өөрийн байгууллагын хөрөнгөөр “Элиза” уншигч, ургийн монитор, пульсоксиметр, монитор, дуслын ор, инфузмат, памп, хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч, татлагын ор, амбу, сахар тодорхойлогч, 4 датчиктай өнгөт ЭХО зэрэг 47 нэр төрлийн 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийв.
2012 оны 4-р сараас нян судлалын лабораторийг шинээр нээж улмаар эмгэгтөрөгч илрүүлэх шинжилгээг АРI систем болон уламжлалт аргыг хэрэглэн илрүүлж, үүсгэгч дээр антибиотик мэдрэг чанарыг үзэх шинжилгээг хийж эхлэв.
Дотрын болон хүүхдийн эрчимт эмчилгээний палатанд монитор, ЭКГ аппарат, дуслын шахуурга шинээр авч байрлуулан ашиглаж, “Chison 8500” ЭХО-гийн кабинет нээн ажиллуулжээ.
2013 онд сэргээн засах эмчилгээнд “Орчин үеийн парафин эмчилгээ”, 2015 оноос хөдөлгөөн засал эмчилгээ, 2016 оноос “үений шимжүүлэх эмчилгээ”, “гал засал”, “зэс бумбын эмчилгээ”-г тус тус нэвтрүүлэв.
Хүүхдийн тусламж үйлчилгээг ойртуулах зорилгоор Сэргээн засах эмчилгээ, онош зүйн тасагт байрлаж байсан хүүхдийн сэргээн засах эмчилгээний кабинетыг Хүүхдийн өвчин судлалын төвд шилжүүлж, хүүхдийн сэргээн засах эмчилгээний хүртээмж дээшилж,  дахин халдвар авах эрсдлийг бууруулж, тав тухтай хөндлөнгийн саад, нөлөөлөлгүй орчинг бүрдүүлжээ.
2014 онд Люксембургийн засгийн газрын дэмжлэгтэйгээр Шастины нэрэмжит III  төв эмнэлгийн Зүрх судасны төв, аймаг, дүүргийн зүрх судасны эмч нарын баг, тус эмнэлгийн Насанд хүрэгчдийн авчин судлалын төвийн зүрхний эмч болон бусад  эмч нар хамтран ажиллаж, MN CARDIO программаар 12 хүнд өвчтөнийг алсын зайн теле-зөвлөлгөөнд оруулж хамтын ажиллагааг өргөжүүлэв.
2014 онд яаралтай тусламжийн тасагт хүчилтөрөгчийн ханын систем, сорох төхөөрөмжтэй болж, зориулалтын функционал ор бүрийн дэргэд  даралтын аппарат, чагнуур, хүүхэн хараа шалгах  чийдэн, монитор, 2-3 автомат шахуурга, дусал тохируулагч зэргийг байрлуулж, төрөл бүрийн гуурс, асаргааны хэрэгсэл, ивүүр /хөлийн, тохойн, далны, сүүжний гэх мэт/, халуун хүйтэн жин  зэргийг тусгай сагсанд хийж байрлуулан ашиглаж эхэлснээр үйлчилгээний чанарыг сайжруулахад ахиц гарав.
Рентген зургийг чанаржуулах зорилгоор Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлсэн“пневмококк”-ийн төслөөр  “дижитал хувиргагч  аппарат тоног төхөөрөмж”-ийг мөн онд олгож, Summit medical service компани хариуцаж суурилуулж, 2014 оны сүүлчээр “Медика Монголиа” компаниас SIG-550 маркийн рентген аппаратыг дижитал хувиргагч, бусад тоног төхөөрөмжийн хамт худалдан авч 2015 оны эхээр суурилуулан тус тус ашиглаж эхэлсэн байна.
2014 оны сүүлчээр Эрүүл мэнд, спортын яаманд хүсэлт гаргасны дагуу тус эмнэлгийн Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж үйлчилгээний тасаг “Эм ханган нийлүүлэх байгууллага”-ын тусгай зөвшөөрлийг авч гадаад дотоодын эмийн үйлдвэрүүдтэй хамтран ажиллах, эмийн бүртгэл хийлгэснээр эм импортлох, ханган нийлүүлэх эрхтэй болж, эмнэлгийн эмийн үнийг бөөний үнийн хэмжээнд хүртэл хямдруулах, хангамжийг сайжруулах боломжийг бүрдүүлсэн байна.
2015 оны намар эмнэлгийн гал тогоог өргөтгөн  ажилчдын хоолны /90м2/заалыг шинээр барьж, эмчилгээний хоол үйлдвэрлэл, хангамжийн тасгийн үйл ажиллагааг өргөжүүлэн төвийн бүтэцтэйгээр ажиллуулж эхэлжээ.
Эмчилгээний үйл ажиллагаанд орчин үеийн компьютерт томографийн аппарат, дижитал рентген аппарат, 56 төрлийн биохимийн шинжилгээ хийх анализатор, шээсэнд 14 төрлийн шинжилгээ хийх багаж, тархины цахилгаан бичлэг (ЭХО энцофалоскопи), тархины судасны аппарат (допплер), цус цэвэршүүлэх аппарат, ясны сийрэгжилтийг оношлох аппарат (Соноси-3000), лабораторийн бүх төрлийн шинжилгээг хийх (биохимийн, цусны, шээсний, вирус судлалын иммунологийн, коагулограммын) бүрэн болон хагас автомат анализаторуудыг ашиглан шинжилгээ хийж, хэвлий, зүрх, бамбайн ЭХО аппарат, ходоодны уян дуран, ЭЛИЗА уншигч, яс сийрэгжилтийг тодорхойлох ОСТЕОСИС маркийн денсиметр, татлагын ор зэргийг шинээр авч оношилгоо, эмчилгээнд ашиглаж байгаа нь эмнэлгийн оношилгооны чадвар улсын эмнэлгийн түвшинд хүрснийг харуулж байна.
2015 онд Япон улсын “Toshiba” брэндийн 128 зүслэг бүхий өндөр хүчин чадалтай компьютерт томографийн аппаратыг худалдан авч, аппаратын тэжээл, UPS, бусад шаардлагатай нэмэлт төхөөрөмжүүдийг авч ашиглаж эхэлсний зэрэгцээ СТ-ний болон рентген шинжилгээний хариуг 24 цагийн турш яаралтай гаргах боломжийг бүрдүүлэв.
2015 онд Бамбай, зүрх, хэвлий, эмэгтэйчүүдийн олон үйлдэлт БНХАУ-ын “Zonecare” фирмийн 4D ЭХО аппаратыг шинээр ашиглаж эхлэв.
Хүлээн авах, яаралтай тусламжийн үйл ажиллагааг боловсронгуй болгон өвчтөн зөөх ажлыг цөөрүүлэх зорилгоор Хүлээн авах, яаралтай тусламжийн төвийн хүүхдийн сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний өрөөнд ЭХЭМҮТ-тэй холбох “IP” камер, бусад тоног төхөөрөмжийг байрлуулан ЭХЭМҮТ болон Эрүүл мэнд, спортын яамны мэдээллийн сүлжээнд зохих журмын дагуу холболт хийлгэж, хүнд өвчтэй хүүхдийг ЭХЭМҮТ-ийн эмч нарт сүлжээгээр үзүүлж, зөвлөгөө авах боломжийг бүрдүүлэв.
Эмнэлгийн үйл ажиллагаанд цахим бүртгэлийг нэвтрүүлэх зорилгоор 2015  оны 1 дүгээр сард “И Ти Эс” ХХК-тай нэг жилийн хугацаатай “Эмнэлгийн цахим мэдээллийн сүлжээ байгуулах” төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулан, өвчний түүх, лабораторийн шинжилгээ, эмийн тооцоог цахим хэлбэрт оруулах үйл ажиллагааг эхлүүлж, цахим мэдээллийн сүлжээ нэвтрүүлэх ажил хэрэгжиж, эмнэлгийн серверийн тусгай өрөөг гарган тохижуулж, СЕРВЕР-ийн тоног төхөөрөмж болон интернетийн сүлжээг бүрэн шинэчлэх ажлыг хийв.
“Цахим эрүүл мэнд” төслийн санхүүжилтээр Эрүүл мэнд, спортын яамнаас 2015-2016 онд иж бүрэн компьютер 45 ширхэг, компъютерийн тог баригч, серверийн UPS, зориулалтын шал, аэркондейшн, принтер, баркод уншигч болон хэвлэх төхөөрөмж, дотоод сүлжээний холбооны станц, нөөц генератор  зэрэг 18 нэр төрлийн тоног төхөөрөмж олгосныг тус тус суурилуулан ашиглалтад оруулснаар бичиг цаасны ажилд зарцуулах цаг хэмнэгдэж эмч, ажилтны ачаалал буурахад чухал нөлөө үзүүлэв.
Дүүргийн хүн амын өсөлт, орны эрэлт хэрэгцээг харгалзан 2010 онд амбулаторийн хэсэг, стационарын хэсгийг холбосон нэг давхар хүзүүвчийн хэсэгт эмнэлгийн А.Б корпусыг холбосон өргөтгөлийн 4 давхар барилгыг барьж ашиглалтад оруулснаар эмнэлгийн 60 ор бүхий 27 өрөө нэмэгдэж, эмнэлгийн материаллаг бааз, ажиллах хүн хүчний тоог ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлсэн байна.
2012 онд өөрийн хөрөнгө оруулалтаар амбулаторийн 2 давхар барилгыг 3 давхар болгон өргөтгөхөд зориулж 272,0 сая төгрөгийг зарцуулан, ашиглалтад оруулснаар эмчилгээний 23 ор бүхий эмчилгээний нэгдсэн тасгийг шинээр нээж, эмнэлгийн тусламж үйлчилгээний төрлийг нэмэгдүүлж, эмийн бус эмчилгээ, үйлчилгээ, нөхөн сэргээх тусламжийг шинэ шатанд гаргаж, монголын уламжлалт оношилгоо, эмчилгээг орчин үеийн анагаахын оношилгоо эмчилгээтэй хослуулан хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон байна.
2013 онд Барилгын “Би Би Ай Ай” компанитай хамтран эмнэлгийн угаалгын газар болон шарил хадгалах газрын /морг/ барилгыг барьж ашглалтад оруулжээ. Мөн эмнэлгийн гадна орчны 900м2 шороон талбайг өөрсдийн хүчээр цементлэн засварлаж, 25-30 машин тавих зогсоолыг шинээр хийж, баруун, зүүн талын орчин хатуу хучилттай зам, талбайг шинэчлэн хийж, орчны тохижилтыг эрс сайжруулав.
Эмнэлгийн барилгад агааржуулалтын тоног төхөөрөмжгүй байсан тул “Медгаз” компанитай гэрээ байгуулан 2014-2015 онд агааржуулалтын тоног төхөөрөмж бүхий системийг эмнэлгийн /эмчилгээний/ үндсэн корпус, гал тогоо, сэргээн засах, уламжлалт эмчилгээний тасгуудад тавин ашиглаж эхэлжээ. Мөн онд үндсэн корпуст галын аюулгүй ажиллагааны дохиоллын системийг мэргэжлийн байгууллагаар хийлгэв.
2016 оны 10 дугаар сард эмнэлгийн цахилгаан хангамжийн сайжруулах зорилгоор 100кв-ын цахилгаан генераторыг “Цахим эрүүл мэнд”төслийн хөрөнгө оруулалтаар авч зориулалтын барилгыг эмнэлгийн цахилгаан хангамжийн гол шитний зэргэлдээ барьж, генераторыг байрлуулан холболтыг мэргэжлийн байгууллагаар хийлгэж ашиглалтад оруулснаар цахилгааны саатлаас эмчилгээ, үйлчилгээ доголдох явдлыг таслан зогсоожээ.
Эмнэлгийн орны ачааллыг бууруулах, жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа орны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2017 оноос 100 ортой хүүхдийн эмнэлгийн барилгыг батлагдсан зураг, төслийн дагуу барьж энэ оны эцсээр ашиглалтад хүлээн авахад бэлэн болгоод байна.
2018 онд хавдар судлалын кабинетыг шинээр байгуулж, химийн эмчилгээний тусгай өрөөг байгуулан шаардлагатай өвчтөнүүдэд стандартын дагуу эмчилгээ хийж эхэлсэн бөгөөд иргэдийн хүсэлт, хэрэгцээг харгалзан гемодиализын аппарат 2ш-ийг авч, мэргэжлийн сувилагч техникчийг сурган, өрөө тасалгааг засварлан ашиглалтад оруулахаар бэлтгэж байна. Мөн нэгдсэн эмнэлгийн стандартын дагуу мэс заслын тасаг байгуулахаар шийдвэрлэж, орчин үеийн шаардлагад нийцүүлэн хагалгааны вакумжуулсан өрөө 2-ыг байгуулж, шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг авч оны эцэст ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжуулэх үндсэн чиглэлийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хэрэгжүүлж буй эмнэлгийн байгууллагуудын орчны зам талбайг иж бүрэн тохижуулах арга хэмжээнд хамрагдаж эмнэлгийн орчны явган хүний болон автомашины зам, 130 автомашины зогсоол, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, сүүдрэвч, амрах сандал бүхий талбайн иж бүрэн тохижилтыг орчин үеийн шаардлагын хэмжээнд хийлгэж ашиглалтад хүлээн авлаа.
2018 оны байдлаар Баянзүрх эмнэлэг нь Хүүхдийн өвчин судлалын, Насанд хүрэгчдийн өвчин судлалын, Хүлээн авах, яаралтай тусламжийн, Сэргээн засах, уламжлалт анагаахын, Амбулатори онош зүйн, Эмчилгээний хоол судлалын гэсэн 6 төв, Эм хангамж, үйлчилгээний тасаг, Захиргаа, удирдлагын газар гэсэн 8 нэгжтэй, эмчилгээний 458 ортой, 4,6 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 300 шахам ажиллагчтайгаар дүүргийн эмнэлгийн үйл ажиллагаа явуулж, жилд 20,000 гаруй өвчтөнийг хэвтүүлэн эмчилж байна.