Чихрийн шижин гэдэг нь нойр булчирхай хангалттай инсулин боловсруулж чадахгүй, эсвэл боловсорсон инсулин бие махбодид нөлөөлж чадахгүй болсон үед үүсдэг архаг явцтай өвчин юм.
Бидний хэрэглэж буй хоол хүнсний дийлэнхи нь бие махбодид сахарын нэгэн төрөл болох глюкоз болон хувирдаг. Глюкоз нь цусанд шимэгдэн инсулин хэмээх нойр булчирхайгаас ялгарах дааврын тусламжтайгаар эд эсэд шингэж, амьдралын чухал үйл ажиллагаанд оролцдог аж. Харин чихрийн шижин өвчний үед нойр булчирхай хангалттай хэмжээний инсулин боловсруулж чадахгүй эсвэл боловсруулсан ч бие махбодь өөрөө түүнийг бүрэн гүйцэд ашиглаж чадахгүй болсон байдаг. Иймээс, хоол хүнсээр дамжин орж ирэх глюкоз эд эсэд бүрэн шимэгдэхгүй цусандаа хуримтлагдсаар цусан дахь сахарын хэмжээг ихэсгэхэд хүргэдэг байна. Энэ байдал удаан үргэлжилвэл эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.